Claude Code-д зориулсан Agent View танилцуулга
Claude Code-ийн шинэ Agent View функц нь олон AI агентыг нэг дэлгэцнээс удирдах, арын горимд (background) ажиллуулах, /goal командаар бие даан ажиллуулах боломжийг олгоно. Терминалын олон цонхтой зууралдахгүйгээр AI код бичих агентуудаа хэрхэн бүрэн хянах талаарх дэлгэрэнгүй зааврыг эндээс уншина уу.
Claude Code нь хэд хэдэн агентыг нэгэн зэрэг ажиллуулах боломжтой боловч нэг дэлгэц дээр зөвхөн нэг агентыг удирдах нь олон цонх (terminal tabs, tmux panes) нээгдэж хүндрэлтэй байдаг байсан. Тэгвэл энэ асуудлыг шийдэхээр нэгдсэн удирдлагын Agent View функц 2026 оны 5 сарын 11-нд гарлаа. Энэ нь Claude Code v2.1.139 болон түүнээс хойшхи хувилбарууд дээр ажиллах боломжтой.
Энэхүү шинэ боломжийн тусламжтайгаар та:
- Шинэ агентуудыг нэг дэлгэцнээс ажиллуулах
- Агентуудыг арын горимд (background) ажиллуулах
- Зөвхөн Claude-д таны тусламж хэрэгтэй үед л оролцож бусад үед өөр ажил хийх боломж
- Бүх агентынхаа төлөвийг (ажиллаж байгаа, хүлээгдэж байгаа, дууссан) нэг цонхноос хянах боломжтой боллоо.

Agent View-г хэрхэн ашиглах вэ?
Agent View нь хэд хэдэн агентыг нэг дэлгэцнээс удирдах боломж олгох бөгөөд терминал дээр claude agents командыг бичиж ажиллуулна. Мөн ямар нэгэн ажиллаж буй сессээс “зүүн сум” (left arrow) даран Agent View рүү шилжих боломжтой.
- Нэгдсэн харагдац: Агент бүрийн гүйцэтгэж буй даалгаврыг нэг мөрөнд хураангуйлан харуулна. Төлөв нь working, waiting for input, completed, failed, idle, эсвэл stopped гэж харагдана.
- Шууд удирдах: Шинэ агент нэмэх, эсвэл ажиллаж буй агентууд руу нэмэлт зааварчилгаа илгээх боломжтой. Spacebar даран сүүлийн үйлдлийг шалгаж, шууд хариу бичиж болно. Enter эсвэл “баруун сум” (right arrow) дарснаар бүрэн дэлгэц рүү шилжинэ.
- Арын горим: Ажиллаж буй сессийг /bg (эсвэл slash B G) команд ашиглан арын горим руу шилжүүлэх эсвэл терминал дээр шууд claude –bg “даалгавар” гэж бичин шинээр арын горимд агент эхлүүлж болно.
- Бие даасан ажиллагаа (/goal): Шинээр нэмэгдсэн /goal командын тусламжтайгаар та агентад зорилго өгөх бөгөөд, агент тухайн зорилгоо биелүүлтэл тасралтгүй автоматаар ажиллах болно. Ингэснээр хэрэглэгчийн байнгын хяналт (babysitting) шаардлагагүй болсон ба дэлгэц дээр зарцуулсан хугацаа, давтамж, токен зэргийг харуулна.

Энэ нь терминалын олон таб, tmux-ийн цонхнуудтай зууралдах шаардлагагүй болгож, олон агентын горимд ажилладаг хөгжүүлэгчдэд зориулсан жинхэнэ “удирдлагын самбар” (command center) болж чадсан юм.
Хэнд нээлттэй вэ?
Одоогоор Agent View нь research preview (судалгааны урьдчилсан хувилбар) байдлаар гарсан бөгөөд хэрэглэгчдийн эрхээс хамаарч хандах боломж нь дараах байдалтай байна:
| Хэрэглэгчийн эрх | Хандах боломж |
|---|---|
| Claude Pro | Тийм |
| Claude Max | Тийм |
| Claude Team | Тийм |
| Claude Enterprise | Тийм |
| Claude API хэрэглэгчид | Тийм |
| Үнэгүй эрхтэй хэрэглэгчид | Одоогоор үгүй |
Байгууллагын админууд шаардлагатай бол энэ функцийг унтраах тохиргоотой.