Skip to content
Эхлэл Хиймэл оюуны хэрэглээ Claude-ийг хэрхэн БОДИТООР ашиглах вэ: Түүний нөөц боломжийг 100% нээх 18 алхам

Claude-ийг хэрхэн БОДИТООР ашиглах вэ: Түүний нөөц боломжийг 100% нээх 18 алхам

Claude гараад аль хэдийн 2 жил болсон ч бидний ихэнх нь түүний жинхэнэ чадамжийн дөнгөж 10%-ийг л ашиглаж байна. Энэхүү нийтлэл танд үлдсэн 90% нь ямар гайхалтай болохыг харуулах болно.

Нийтэлсэн:

Claude гараад бүтэн хоёр жил өнгөрчээ. Нуугаад яах вэ, түүнийг өдөр бүр ашигладаг хүмүүсийн ихэнх нь яг бодит чадамжийнх нь дөнгөж 10%-ийг л ашиглаж байна.

Энэ нь Claude хэтэрхий төвөгтэйтэйдээ биш юм. Харин үлдсэн 90% нь ямар гайхалтай зүйл хийж чаддагийг хэн ч тэдэнд зааж өгөөгүйд л хамаг учир байгаа юм.

Энэхүү гарын авлага яг тэр асуудлыг чинь шийднэ. Үүнийг уншиж дууссаны дараа та Claude-ийг яг л таныг эртнээс таньдаг, таныг ойлгодог, таны сэтгэдэг арга барилаар ажилладаг “жинхэнэ туслах” болгон тохируулж чадна. Мөн хүмүүсийн тэр бүр мэддэггүй нууц боломжуудыг нь ч нээх болно.

Суурийг нь зөв тавих нь

AI-тай хэрхэн харилцах нь түүнийг хэрхэн “сургаж” эхлэхээс шууд шалтгаалдаг. Шинэ чат нээх бүртээ өөрийгөө дахин дахин танилцуулах уйтгартай ажлаас салж, Claude-ийг өөрийнхөө хувийн туслах болгон нэг мөсөн тохируулах үндсэн 3 алхмыг эндээс сураарай.

1. Энгийн чат биш, “Төсөл” (Project) үүсгэ

Claude дээр шинээр чат нээх болгонд түүний ой санамж “ТЭГ”-ээс эхэлдэг гэдгийг та мэдэх үү? Тэр таны нэр, юу хийдэг, ямар зорилготой, яаж харилцах дуртайг тань огт мэдэхгүй. Та эхний хэдэн мессежээ зүгээр л өөрийгөө танилцуулахад үрдэг. Хэрвээ тэгэхгүй бол Claude хэнд ч таарах “хэт ерөнхий” бөгөөд уйтгартай хариулт өгдөг.

Тэгвэл “Projects” (Төсөл) энэ асуудлыг бүрэн шийднэ. Төсөл бол дотроо өрнөсөн бүх ярианы контекст, агуулгыг байнга санаж байдаг ухаалаг ажлын талбар юм. Та үүнийг нэг л удаа тохируулахад, дараа дараагийн яриа бүр таныг хэн бэ гэдгийг аль хэдийн мэддэг Claude-тай үргэлжилнэ.

Яаж хийх вэ? Claude руу ороод, зүүн талын цэснээс Projects хэсэгт дарж шинийг үүсгээрэй. Зориулалтаасаа хамаараад “Ажил”, “Хувийн”, “Контент бүтээх” гэх мэтээр нэрлэж болно. Үүнээс хойш таны бүх чухал ажил энэ Төсөл дотор өрнөх ёстой.

2. Өөрийгөө хэн болохыг Claude-д танилцуул

Танд сайн туслахын тулд Claude эхлээд таныг хэн бэ гэдгийг ойлгох хэрэгтэй шүү дээ. Хүмүүс үүнийг алгасчихаад “Энэ AI-ийн хариулт нэг л хиймэл, надад тохирохгүй байна” гэж гомдоллодог.

Доорх промптын хоосон зайг өөрийнхөөрөө үнэн зөвөөр бөглөөд Project-ийнхээ “Knowledge base” (Мэдээллийн сан) хэсэгт хуулж тавиарай. Та хэдий чинээ нарийн мэдээлэл өгнө, Claude-ийн хариулт төдий чинээ төгс болно.

Промт
Миний нэр [таны нэр].
Би [таны албан тушаал эсвэл мэргэжил] хийдэг. Миний үндсэн үүрэг бол [өдөр тутам хийдэг 2-3 зүйл].

Одоогийн байдлаар миний хамгийн том зорилго бол [хүрэхээр ажиллаж буй 1-3 тодорхой зорилго].
Би Claude-ийг ихэвчлэн [бичих, судалгаа хийх, дүн шинжилгээ, суралцах, код бичих гэх мэт үндсэн хэрэглээгээ жагсаах] зорилгоор ашигладаг.
Миний суурь мэдлэг ба туршлага: [юуг сайн мэддэг, юуг сурч байгаа, юунд шинэ байгаа].
Мэдээллийг хэрхэн хүлээж авах дуртай вэ: [жишээ нь: шууд бөгөөд товчхон / жишээтэй дэлгэрэнгүй / алхам алхмаар / цэгчилсэн жагсаалтгүйгээр / богино догол мөрөөр].
Миний хүсэхгүй байгаа зүйлс: [жишээ нь: анхааруулга битгий нэм, албан ёсны хэтэрхий хуурай үг хэллэг бүү ашигла, миний хэлснийг над руу буцааж битгий давт, "Маш сайн асуулт байна" гэж битгий эхэл].
Миний сонирхдог салбар, сэдвүүд: [таны сонирхол, салбар, чиглэл].

3. Үүнийгээ “Тусгай зааварчилгаа” (Custom Instructions) болгох

Өөрийнхөө мэдээллийг өгөх нь эхний алхам. Харин одоо Claude-д тантай яг яаж харьцах “тоглоомын дүрэм”-ийг нь зааж өгье. Энэ нь Төсөл доторх бүх ярианд үйлчлэх үндсэн хууль болно гэсэн үг.

Дээрх өөрийн мэдээллээ оруулж танилцсаныхаа дараа, яг энэ промптыг хуулж өгөөрэй:

Промт
Миний өөрийнхөө тухай өгсөн бүх мэдээлэлд үндэслэн, энэхүү Claude Project-д зориулсан тусгай зааварчилгааны багц (custom instructions) бичиж өгнө үү.

Зааварчилгаанд дараах зүйлс багтах ёстой:
- Намайг хэн болох, юу хийдгийг тодорхойлох
- Миний харилцааны үндсэн хэв маяг, форматыг тохируулах
- Надтай ажиллахдаа юуг хэзээ ч хийж болохгүйг чамд (Claude-д) сануулах
- Хариулт бүрд миний хүсэж буй өнгө аясыг тодорхойлох
- Харилцан яриа бүрд байх ёстой үндсэн үйлдлүүдийг оруулах

Энэхүү зааварчилгааг хоёрдугаар биеэс буюу надад хэрхэн туслах тухай дүрмийг Claude чи өөрөө уншиж байгаа мэтээр бич. Маш тодорхой байх хэрэгтэй. Ерөнхий зөвлөгөө хэрэггүй. 400 үгэнд багтаана уу.

Гараад ирсэн үр дүнг хуулж аваад өөрийн Project-ийн Custom Instructions хэсэгт хадгалаарай. Одоо таны Claude жинхэнэ утгаараа таны хувийн туслах боллоо!

Claude бол таны бодож байгаа зүйл БИШ

Хүмүүс хиймэл оюун ухааныг ашиглахдаа гаргадаг хамгийн том алдаа нь түүнтэй Google шиг харьцдаг явдал юм. Хэрэв та Claude-ийг зөвхөн мэдээлэл хайгч машинаас илүү “сэтгэн бодох хүчирхэг хөдөлгүүр” болгож ашиглахыг хүсвэл доорх хандлагаа өөрчлөх хэрэгтэй.

4. Claude бол хайлтын систем биш!

Хүмүүсийн хамгийн том алдаа бол Claude-ийг яг л Google шиг ашигладаг явдал юм. Асуулт бичээд л хариулт хүлээнэ. Энэ бол энэхүү хүчирхэг технологийг хамгийн утгагүй, үнэ цэнгүйгээр ашиглаж буй хэлбэр юм.

Claude бол зүгээр нэг мэдээлэл татдаг машин биш. Тэр бол таны сэтгэн бодох хамтрагч. Тэр эргэцүүлнэ, дүгнэнэ, тантай мэтгэлцэнэ, өгөгдөл дээр тулгуурлан цоо шинэ зүйл бүтээнэ. Түүнийг хайлтын систем шиг ашиглах үед та түүний ухааны 80%-ийг “унтрааж” байна гэсэн үг.

  • Муу жишээ: “Промпт кэйшинг (prompt caching) гэж юу вэ?”
  • Сайн жишээ: “Би нэг сессэд Claude-ийг 20 удаа дууддаг ажлын урсгал (workflow) хийж байгаа юм. Промпт кэйшинг яг яаж ажилладаг болон миний энэ нөхцөлд зардлыг үнэхээр бууруулж чадах эсэхийг алхам алхмаар задалж тайлбарлаж өгөөч.”

5. Эхлээд надаас асуу гэж “тушаа”

Энэ бол маш цөөхөн хүний мэддэг бөгөөд ашигладаг супер техник. Claude-аар ямар нэгэн чухал, нарийн төвөгтэй ажил хийлгэхээсээ өмнө “Надаас эхлээд хэрэгтэй мэдээллээ асуу” гэж хэлж заншаарай.

Тэр тааж, зохиож бичихийн оронд таны бодит нөхцөл байдлыг асууж мэдсэний үндсэн дээр ажлаа эхлэх тул гарах үр дүн 100 дахин сайжирна.

Аливаа том ажлын өмнө үүнийг ашигла:

Промт
Үүнийг эхлэхээсээ өмнө уг ажлыг хамгийн сайнаар гүйцэтгэхэд чинь туслах хамгийн чухал 5 асуултыг надаас асуугаарай. Намайг хариулсны дараа л ажлаа эхлээрэй.

Тодорхой нэгэн даалгаварт:

Промт
Боломжит харилцагч руу хүйтэн и-мэйл (cold email) бичихэд чиний тусламж надад хэрэгтэй байна. Ямар нэгэн зүйл бичиж эхлэхээсээ өмнө, үүнийг ямар ч амьгүй ерөнхий биш, жинхэнэ утгаар нь төгс болгохын тулд чи надаас юу мэдэх шаардлагатайгаа асууна уу.

Байнгын хэрэглэгчдийн ч мэддэггүй нууцууд

Та Claude-ийг хэрэглээд багагүй хугацаа өнгөрсөн байж болно. Гэхдээ түүнийг таны бичих хэв маягийг төгс хуулбарладаг, санааг тань хайр найргүй стресс-тест хийдэг, эсвэл бүр өөртөө зориулж промпт бичдэг гэдгийг мэдэх үү? Эдгээр нууц боломжуудыг нээцгээе.

6. Таны бичих хэв маягийг “хулгайлах” нь (Style cloning)

Хэрэв та Claude-аар нийтлэл эсвэл пост бичүүлбэл дүрмийн хувьд төгс мөртлөө яг л “робот” бичсэн мэт уншигддаг биз дээ? Учир нь та түүнд өөрийнхөө хэв маягийг зааж өгөөгүй байна.

Түүнд өөрийнхөө бичсэн 3-5 бичвэрээ өгөөд, дүн шинжилгээ хийлгэ. Үүний дараа тэр яг л таны хувилбар (клон) шиг бичиж эхлэх болно.

Промт
Энэ бол миний бичвэрийн 3 жишээ:
[жишээ 1 хуулах]
[жишээ 2 хуулах]
[жишээ 3 хуулах]

Миний бичих хэв маягт нарийвчлан дүн шинжилгээ хий. Дараах зүйлсийг анхаарч үз: өгүүлбэрийн урт, хэмнэл, үгийн сонголт, догол мөрийг хэрхэн эхлүүлж, төгсгөдөг байдал, би юунаас зайлсхийдэг, хэр албан эсвэл албан бус байдаг болон миний бичвэрийг онцгой болгодог бүх л хэв маяг.

Үүний дараа, намайг ямар нэгэн зүйл бичүүлэхээр хүсэх үед энэ хэв маягтай яг тааруулж бичээрэй. Өөрийнхөө хиймэл, AI шинжтэй хэв маяг руугаа хэзээ ч бүү буц.

7. Claude-ийг “мэтгэлцээний хамтрагч” болгох

Ихэнх хүмүүс Claude-д санаагаа хэлээд “Үүнийг дэлгэрүүлээд өг” гэдэг. Мэдээж тэр таныг магтаж, дэмжээд л гоё болгоод өгнө. Гэхдээ энэ нь бизнесийн эсвэл амьдралын чухал шийдвэр гаргахад огт тус болохгүй.

Жинхэнэ “стресс-тест” хийхийн тулд Claude-аар өөрийнхөө санаа руу дайралт хийлгүүл.

Промт
Энэ бол миний төлөвлөгөө: [төлөвлөгөөгөө тайлбарлах]

Чиний ажил бол үүнийг устгах. Миний гаргаж буй буруу байж болох бүх таамаглалыг ол. Энэ төлөвлөгөө бүтэлгүйтэж болох бүх арга замыг илрүүл. Миний эсрэг байр суурийг аль болох хүчтэйгээр хамгаалж маргалд. Надад эелдэг зан гаргах хэрэггүй. Зүгээр л довтол.

Үүний дараа миний байр суурийг "steelman" хий буюу яагаад миний зөв болохыг хамгийн хүчтэй маргаанаар баталж өмгөөл.

Хамгийн төгсгөлд нь, чи өөрөө бодитоор юу гэж бодож байгаагаа дүгнэж хэлээрэй.

8. Гүнзгийрүүлэн бодох горим (Extended Thinking)

Claude-ийн хариу бичих хэсгийн хажууд байдаг Тархины дүрс бүхий товчийг анзаарсан уу? Ихэнх хүмүүс үүнийг асаадаггүй. Энэ бол Extended Thinking буюу хариултаа шууд “нулимж” гаргахын оронд асуудлыг алхам алхмаар, гүнзгий эргэцүүлж боддог горим юм.

Нарийн төвөгтэй шинжилгээ, код бичих, логик бодлого бодох үедээ үүнийг заавал асаагаарай. Эсвэл промптдоо ингэж нэм:

Промт
Хариулахаасаа өмнө үүнийг маш сайн эргэцүүлэн бодоорой. Асуудлыг алхам алхмаар задалж, өөрийн логик үндэслэлээ надад харуулж, хаана эргэлзэж байгаагаа тодорхойлсны эцэст надад эцсийн дүгнэлтээ өгнө үү.

9. Claude-аар өөрт нь зориулсан промпт бичүүлэх

Промпт бичихдээ муу юу? Санаа зоволтгүй. Claude өөрөө ямар зааварчилгаа авбал хамгийн сайн ажилладгаа маш сайн мэддэг. Тиймээс өөрт нь зориулсан промптыг өөрөөр нь бичүүл!

Промт
Надад дараах зүйлийг хийхэд чиний тусламж хэрэгтэй байна: [жинхэнэ даалгавраа тайлбарлах].

Яг энэ даалгаврыг чамаар хамгийн төгс хийлгүүлэхэд зориулагдсан хамгийн сайн промптыг надад бичиж өгнө үү. Гарах үр дүнг сайжруулахын тулд дүр (role), контекст, форматын зааварчилгаа болон хязгаарлалтуудыг оруулаарай.

Гарч ирсэн промптыг нь шууд хуулж аваад шинэ чат дээр ашиглаарай!

Токен хэмнэж, бүтээмжээ нэмэгдүүлэх нь (Ядаргаатай зүйлсээс салах)

AI-тай ажиллахдаа хэт нуршсан хариулт авч цаг, мөнгөө (токен) үрдэг үү? Та хэрэггүй мэндчилгээг хэрхэн устгах, яагаад сэдэв бүрд шинэ чат нээх ёстой болон хариултын уртыг яаж хязгаарлах талаар эндээс суралцаарай.

10. Уртыг нь зааж өг

Claude үргэлж өөрийнхөөрөө хэт нуршиж урт хариулдаг. Энэ нь таны цагийг ч, токенийг ч үрнэ. Тиймээс эхлэхээс нь өмнө хязгаар тавьж өг.

  • “Хамгийн ихдээ 3 өгүүлбэрт багтааж хариул.”
  • “Надад 5 цэгчилсэн жагсаалт (bullet points) л өг. Ямар ч тайлбаргүйгээр.”
  • “Үүнийг 150 үгэнд багтаа.”

11. Мэндчилгээ болон илүүдэл үгсээс салах

“Гайхалтай асуулт байна. За ингээд задлан тайлбарлая…” гэх мэт хэнд ч хэрэггүй хиймэл ярианууд танд хэрэггүй. Custom Instructions (Алхам 3-ыг хар) дотроо үүнийг нэмчих:

Промт
Хариултаа хэзээ ч удиртгал, мэндчилгээ, батлан зөвшөөрөх үгс, эсвэл миний асуултыг дахин давтаж эхлүүлж болохгүй. Шууд хариулт руугаа ор. Намайг тусгайлан асуугаагүй л бол төгсгөлд нь дүгнэлт бүү нэм. Сэдэв нь зайлшгүй шаардахгүй л бол анхааруулга битгий бич.

12. Нэг сэдэв = Нэг чат

Нэг урт чатан дотор хоолны жор асуусныхаа дараа компанийнхаа санхүүгийн тайланг янзлуулах гэж бүү оролд. Claude өмнөх бүх мэдээллийг толгойдоо тээж явдаг тул огт өөр сэдэв рүү орох үед токен маш хурдан дуусаж, ухаан нь самуурдаг. Сэдэв өөрчлөгдөх бүрд Шинэ чат (New Chat) нээж хэвшээрэй.

Яг одоо хуулж аваад шууд ашиглах БЭЛЭН Промптууд

Дээр дурдсан бүх онол, аргуудыг амьдрал дээр шууд туршиж үзэх цаг ирлээ. Хувийн санхүүгээ шинжлэхээс эхлээд бизнесийн санаагаа бут ниргүүлэх хүртэлх хамгийн үр дүнтэй, бэлэн промптуудыг яг одоо хуулж аваад ашиглаарай.

13. Ямар ч хэцүү сэдвийг хялбархан ойлгох (Фейнманы арга)

Claude-ийн өгдөг тайлбарууд ихэнхдээ техникийн хэллэг ихтэй, ойлгоход бэрх байдаг. Тэгвэл “Фейнманы арга”-аар тайлбарлуулбал 5 настай хүүхэд ч ойлгохоор болно.

Промт
[Сэдэв]-ийг зөвхөн зүйрлэл болон өдөр тутмын амьдралын жишээнүүд ашиглан надад тайлбарла. Мэргэжлийн хэллэг нэг ширхгийг ч бүү ашигла. Намайг энэ чиглэлээр "А" ч үгүй гэж тооц.

Зүйрлэл бүрийн дараа надаас нэг асуулт асууж, үүнийг би үнэхээр ойлгосон эсэхийг минь шалгаарай. Миний хариулт дээр үндэслэн илүү гүнзгийрүүлэн тайлбарлах эсвэл тайлбараа өөрчил. Намайг ямар ч мэргэжлийн үг хэллэг ашиглахгүйгээр өөрийн үгээр чамд буцааж тайлбарлаж чаддаг болтол нь энэ процессыг үргэлжлүүлээрэй.

14. Таны хэв маягт 100% нийцсэн аяллын төлөвлөгөө

Интернэтээр дүүрэн байдаг “Заавал үзэх 10 газар” гэсэн уйтгартай төлөвлөгөөнөөс татгалз. Өөрийнхөө хэмнэлд тааруул.

Промт
Би [очих газар] руу аялахаар төлөвлөж байна. Тэнд [өдрийн тоо] хоног байна. Миний төсөв (байрлах зардлаа оруулаад) өдөрт ойролцоогоор [дүн] байна.

Миний аялах бодит хэв маяг: [Жишээ нь: Би өглөөг тайван угтаж кофе уух дуртай, өдөрт 1-2 үзвэр л үзнэ. Жуулчид ихтэй газраас илүү нутгийн иргэдийн очдог далд газруудад дуртай. Орой нь заавал гоё хоол иднэ.]

Зайлсхийхийг хүсэж буй зүйлс: [хүн ихтэй газар, хэт үнэтэй ресторан, унаагаар удаан явах гэх мэт].

Энэ бүхэнд төгс нийцсэн өдөр тутмын аяллын төлөвлөгөө гаргаж өг. Өдөр бүрийн төлөвлөгөөнд: Хаана байрлах, юу хийх, хаана хооллох, логистикийн мэдээллүүдийг оруул. Урьдчилж захиалах шаардлагатай бүх зүйлийг онцгойлон анхааруулж тэмдэглээрэй.

15. Санхүүгийн бодит анализ (Таны хувийн нягтлан)

Сар бүрийн хуулгаа хараад “Би юундаа ингэж их мөнгө үрчихэв ээ?” гэж гайхдаг уу? Хуулгаа хуулж тавиад Claude-аар анализ хийлгэ.

Промт
Би өнгөрсөн сарынхаа зардлын мэдээллийг оруулах гэж байна. Үүнд дүн шинжилгээ хийгээд надад дараах зүйлсийг хэлж өгнө үү:
1. Би аль ангилалд (хоол, унаа, зугаа цэнгэл г.м) хамгийн их мөнгө зарцуулж байна вэ?
2. Миний тавьсан зорилготой харьцуулахад миний зарцуулалт хаана хэвийн бус буюу "асуудалтай" харагдаж байна?
3. Миний амьдралын чанарт мэдэгдэхүйц нөлөөлөхгүйгээр юуг шууд танаж болох вэ?
4. Миний хувьд чухал хэрнээ би хангалттай мөнгө зарцуулахгүй байж магадгүй зүйлс байна уу?
5. Санхүүд маань хамгийн том эерэг нөлөө үзүүлэх "НЭГ ТӨГС ӨӨРЧЛӨЛТ" юу вэ?

Миний зардлууд: [банкны хуулга эсвэл зардлын жагсаалтаа энд хуулж тавих]

Миний одоогийн санхүүгийн зорилго: [жишээ нь: Сард 500k хуримтлуулах, машины зээлээ хурдан дарах г.м]

16. Хувийн сэтгэл зүйч / Сэтгэн бодох хамтрагч

Шүүмжлэхгүйгээр сонсдог, зөв асуулт асуудаг хүн амьдралд хэрэгтэй байдаг. Энэ бол сэтгэл зүйн эмчилгээ биш, зүгээр л таны тархийг цэгцлэх “толь” юм.

Промт
Би өөрт тулгараад байгаа нэг асуудлын талаар чамтай ярилцмаар байна. Чиний үүрэг бол надад "шууд зөвлөгөө өгөх" БИШ шүү.

Эхлээд, нөхцөл байдлыг бүрэн ойлгохын тулд надаас асуултууд асуу. Яг юу болоод байгааг, энэ талаар би ямар мэдрэмжтэй байгааг, үүнийг давахын тулд би юу туршиж үзсэнийг, мөн би ямар үр дүнд хүрэхийг хүсэж байгааг маань нэг нэгээр нь асуу.

Нөхцөл байдлыг бүрэн ойлгосныхоо дараа, миний ярианаас чамд юу сонсогдож байгааг буцаагаад надад хэл — зөвхөн бодит баримтыг бус, харин миний ярианы цаана ямар айдсууд, ямар сэдлүүд нуугдаж байгааг.

Үүний дараа, зөвхөн үүний дараа л өөрийнхөө өнцгөөс үзэл бодлоо хуваалц. Шулуухан, үнэнээ л хэлээрэй, намайг зүгээр нэг тайвшруулах гэсний хэрэггүй. Миний сонсохыг хүсэхгүй байж болох хатуу үнэн байсан ч хамаагүй, чи бодитоор юу гэж бодож байгаагаа надад хэлээрэй.

Миний бодож байгаа зүйл бол: [юуны талаар ярилцмаар байгаагаа бичих]

17. Бизнесийн санааг “бут ниргэх” (Стресс-тест)

Ихэнх бизнесүүд зах зээл дээр гарахаасаа өмнө эзнийхээ “Хэт өөдрөг төсөөлөл”-өөс болж унадаг. Claude-аар санаагаа хайр найргүй шүүмжлүүлж, сул талыг нь олоорой.

Промт
Надад нэг бизнесийн санаа байгаа бөгөөд үүндээ ноцтой цаг хугацаа, мөнгө зарцуулахаасаа өмнө хатуу стресс-тест хийж шалгамаар байна.

Миний санаа бол: [юу хийх гэж байгаагаа, хэнд зориулагдсан, яаж мөнгө олох, яагаад амжилт олно гэж бодож байгаагаа дэлгэрэнгүй бичих]

Чиний ажил бол энэ санааны бүх алдаа дутагдлыг олж илрүүлэх. Тухайлбал:
1. Миний гаргаж буй ямар таамаглал огт ор үндэсгүй худал байж болох вэ?
2. Үүнийг аль хэдийн хэн хийж байгаа вэ, яагаад би тэдний хажууд жижигдэж ялагдах вэ?
3. Зорилтот хэрэглэгчид яагаад миний бүтээгдэхүүний төлөө 1 төгрөг ч төлөхгүй байж болох вэ?
4. Энэхүү санаа амжилттай хэрэгжихийн тулд ямар зүйлс 100% үнэн байх шаардлагатай вэ, тэр нь бодит амьдрал дээр хэр магадлалтай вэ?
5. Энэ санааны ХАМГИЙН ТОМ цорын ганц асуудал (бут ниргэх шалтгаан) юу вэ?

Маш тодорхой, хатуу бай. "Зах зээл хараахан бэлэн биш байж магадгүй" гэх мэт бөөрөнхий ерөнхий зүйлс хэрэггүй. Асуудал тус бүрийн бодит, хамгийн муу хувилбарыг надад гаргаж өг.

Бүх шүүмжийн төгсгөлд, уг санааг бодитоор ажилладаг болгохын тулд би яаж өөрчлөх (pivot хийх) ёстойг надад зөвлөөрэй.

Дүгнэлт: Жинхэнэ утгаар нь ашиглаж эхэл!

Дахин хэлье. Claude таниас илүү ухаантай биш, таниас илүү гоё санаа ч гаргаж чадахгүй. Гэхдээ түүнд хязгааргүй тэвчээр, дэлхийн хэмжээний мэдлэг, мөн таны огт төсөөлөө ч үгүй өнцгөөс асуудлыг харах чадвар бий.

AI-аас хамгийн өндөр үр дүн авдаг хүмүүс бол мэдээлэл хайдаг хүмүүс биш юм. Харин тэд AI-ийг өөрсдийнхөө үнэнч “хамтрагч” болгон сургаж, зөв контекст өгч, зөв асуулт асууж чаддаг хүмүүс байдаг.

Хүмүүсийн 90% нь энэ нийтлэлийг уншчихаад маргааш нь буцаад л өнөөх хуучин аргаараа Claude-д ханддаг. Та тэр 90%-ийн нэг бүү болоорой. Нэг л удаа цаг гаргаад Project үүсгэж, Custom Instruction-оо тохируул. Таны ажлын бүтээмж болон сэтгэн бодох хурд дахин хэзээ ч хуучин шигээ байхгүй гэдгийг би амлаж байна.

Нийтлээч

Н.Өлзийбат

AI технологи, автоматжуулалтын чиглэлээр дагнан ажилладаг вэб хөгжүүлэгч, контент бүтээгч. Шинэ хиймэл оюун ухааны хэрэгслүүдийг туршсан үр дүн, өөрийн алдаа оноо, сурч мэдсэн үнэ цэнтэй бүхнээ энэхүү блогт буулгадаг. Миний сошиал хаягуудыг дагаарай.

Санал болгох

Холбоотой нийтлэлүүд

Монгол дата дээр AI ажиллуулах нь: Excel тайланг 5 минутад автоматжуулах бүрэн гарын авлага

Хиймэл оюун ухаан (AI) ашиглан бизнесийн өгөгдөл, Excel тайланг автоматжуулах дэлгэрэнгүй гарын авлага. Монгол хэлний датаг цэвэрлэхээс эхлээд санхүү, үнийн мэдрэмж, хэрэглэгчийн чат шинжлэх хүртэлх 12 төрлийн практик промптыг энэхүү нийтлэлээс аваарай.

AI бичил дадал: Хиймэл оюуныг хувийн “Хатуу Дасгалжуулагч” болгох аргачлал

Бид бүгд амжилтад хүрэхийг хүсдэг ч тууштай байх тал дээр алддаг. Тэгвэл хиймэл оюун ухааныг ашиглан өдөр тутмын бичил дадал үүсгэж, өөртөө хариуцлага тооцох системийг хэрхэн бүрдүүлэх тухай зааварчилгааг хүргэж байна.

Жилийн 3 сая төгрөгийн фитнесс картын хэрэгцээг үнэгүй орлох ухаалаг зааврууд

Жилийн 2-3 сая төгрөгийн үнэтэй фитнесс картын хэрэгцээг үнэгүй орлох Claude AI-ийн 10 шилдэг зааврыг (Prompt) танилцуулж байна. Гэртээ ямар ч төхөөрөмжгүйгээр өөх хасах, булчин ургуулах, Монгол хөрсөнд буусан хоолны дэглэм зохиох болон тууштай байх сэтгэл зүйн аргуудыг монгол хэл дээр, шууд хуулж авахад бэлэн код блокоор аваарай.

Анкет засах цагаа 5 минут болгон товчлох нь: Хиймэл оюунд зориулсан 10 промт

Хиймэл оюун ухаан ашиглан хүний нөөцийн мэргэжилтэн шиг чанартай анкет бэлдэж, ажлын ярилцлагад өөрийгөө бэлдэх хялбар арга. Таныг автомат шүүлтүүрээс давуулж, ярилцлагад уригдахад туслах монгол хэл дээрх 10 шилдэг промт.

үнээ нэмэх стратеги AI Agent Hormozi

Үнээ 3 дахин нэмсэн ч хямдхан санагдах стратеги (Hormozi ба AI хослол)

Борлуулалт муудах үед та хамгийн түрүүнд үнээ хямдруулдаг уу? Энэ бол таныг дампууралд хөтлөх хамгийн дөт зам. Тэгвэл дэлхийн шилдэг энтрепренёр Alex Hormozi үүний эсрэг ямар стратеги ашиглаж, үнээ 3 ДАХИН НЭМСЭН Ч хэрэглэгчдэд “Хямдхан байна” гэх мэдрэмж төрүүлж чаддаг нууцыг эндээс уншаарай.

Claude + Higgsfield = Video Production

Claude болон Higgsfield: Бүтээлч студийг бүхлээр нь орлох AI хоршил

Ихэнх брэндүүд видео реклам, контент бүтээхэд сая сая төгрөг зарцуулсаар байна. Харин Claude Projects болон Higgsfield MCP-ийг хослуулснаар бүтээлч багийн хийдэг мэргэжлийн 4K видео үүсгэлт, дүрийн тогтвортой байдал бүхий контентыг хэрхэн ганцаараа, хэдхэн минутын дотор автоматжуулан хийх боломжтойг энэхүү нийтлэлээс олж мэдээрэй.